Эрүүл мэндийн сайд Н.Удвал цахим хурал хийлээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр яамны харьяа болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, эмнэлгийн дарга нартай цахим хурал хийлээ.

Хурлын эхэнд Сайд Өрхийн эмч нарын улсын зөвлөгөөн, Сумын эмч нарын улсын зөвлөгөөн, Эх нялхсын улсын зөвлөгөөн, Эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх зөвлөгөөн зэрэг арга хэмжээнүүдийн үр дүнг гарган ажиллахыг сануулав. Тэрээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажлууд тодорхой шалтгааны улмаас саарч хэрэгжилт удаашралтай байгааг тэмдэглээд Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд боловсрогдох ёстой зарим бичиг баримтуудыг эцэслэн боловсруулж, батлан гаргасныг салбарын удирдах ажилтнуудад мэдээлж, тэдгээрийг ЭМЯ-ны вэб хуудаснаас авч эрүүл мэндийн шат, шатны байгууллагууд шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн стратеги, Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжлийн стратеги, Бөөр хамгаалах стратеги, Эх, нялхсын эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай зэрэг хэд хэдэн шийдвэр 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гарсныг тэрээр мэдээлэв.

Эрүүл мэндийн сайд 7 дугаар сарыг ЭМЯ-ны ажлыг сайжруулах, Эрүүл мэндийн суурь шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх сар болгож байгаагаа зарлаж, түүнчлэн 8 дугаар сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудлын, 9 дүгээр сарыг оюутны эрүүл мэндийг дэмжих, 10 дугаар сарыг Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, 11 сарыг Эрүүл мэндийн суурь шинэчлэлийн тайлангийн эхлэлийн сар, 12 дугаар сарыг Нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай иргэдийн эрүүл мэндийг дэмжих сар болгож байгаагаа зарлалаа.

Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсүүд хариуцсан чиглэлээрээ тухайн сар сарынхаа ажлын төлөвлөгөөг гаргаж сайдын тушаалаар 7 дугаар сарын 20-ны дотор батлуулахыг Сайд үүрэг болгов. Түүнчлэн 2012 оны Эрүүл мэндийн сайдын багцын давсан орлогоос харьяа эмнэлгүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилагдсан санхүүжилтий хуваарилалт, ЭМДС-аас аймаг, нийслэлүүдэд хуваарилагдсан санхүүжилтийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн ашиглах талаар ЭМЯ-тай нэмэлт гэрээ байгуулж ажлаа эхлүүлэхийг эрүүл мэндийн удирдах ажилтнуудад Сайд үүрэг болгов.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал удахгүй болох Улс хувьсгалын баяр наадмын үеэр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, тавих хяналтыг сайжруулах, болзошгүй эрсдэлд бэлэн байх бүх талын арга хэмжээ авахыг эрүүл мэндийн удирдах ажилтнуудад даалгалаа.