Шастинчууд Эрдмээрээ чууллаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн 60 жилийн ойн хүрээ, Олон улсын эмч нарын өдөрт зориулсан ээлжит “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2014” эрдэм шинжилгээний хурал 2014 оны 03 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагддаг ээлжит эрдмийн чуулганд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны 41 бүтээл, 14 ховор тохиолдол, 14 онолын лекц, 5 тусгай өгүүлэл мэдээлэл ирүүлж оролцлоо.

Энэ удаагын эрдмийн чуулганд Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн орлогч дарга АУ-ны доктор О.Батгэрэл “Эмнэлзүйн судалгаа ба нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалт” сэдвээр үндсэн илтгэл уншиж, эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлээс шалгарсан шилдэг 9 аман илтгэл, 14 ханын илтгэлийг хэлэлцүүллээ. Илтгэлүүдийг тус эмнэлгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнтэй шүүгчийн комисс судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, эмнэлзүйн ач холбогдол, илтгэгчийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж шалгарууллаа. Ингээд нэгдүгээр байрыг Д.Эрдэнэболд, Г.Баяраа, М.Ганбаатар, Л.Ганчөдөр нарын “Шамбарам өвчнийг эмчлэх мэс заслын дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн туршлага, түүний үр дүн”, хоёрдугаар байрыг Б.Гантуяа, Х.Оюунцэцэг, Н.Баярмаа, С.Буянхишиг, Г.Бадамцэцэг, Ч.Өлзийжаргал, Г.Улзмаа, П.Оюухүү нарын “Ходоод улаан хоолойн сөргөө өвчнийг илрүүлэх инвазив бус аргын үр дүн”, гуравдугаар байрыг Б.Даваажав, С.Дэлгэрмаа, Б.Бурмаа, Ж.Соёлмаа нарын “Бүсэлхий нурууны нугас мэдрэлийн ёзоорыг чөлөөлөх мэс заслын дараах сэргээн засах эмчилгээний үр дүн” сэдэвт судалгааны илтгэлүүд эзэлж, батламж мөнгөн шагнал, Ц.Төмөр-Очир, Ц.Бадамсэд, Д.Зулгэрэл, Л.Хосбаяр, С.Сайнтэгш, Э.Энхжаргал нарын “Вегнерийн грануломатоз” сэдэвтэй ховор тохиодлын тайлан ханын илтгэлийн тусгай шагналыг хүртлээ. Эрдмийн чуулганд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Эрдмийн Чуулган-2014” товхимолд хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа.