Хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Япон улсын Сисмекс корпораци нь Монгол улсын ЭМЯ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн лабораторийг түшиглэн Монгол улсад чанарын баталгаажилтын лавлагаа лаборатори байгуулан, гематологи, биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын тогтолцоог бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Энэ удаа тус корпораци нь П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн лабораторид Иммунологийн бүрэн автомат HISCL-5000 аналзаторыг үнэ төлбөргүй суурилуулж, тус анализатор аппаратыг түшиглэн хамтарсан судалгаа хийж явуулахаар 2014 оны 04сар 28-нд үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

HISCL-5000 анализатор аппарат нь иммунологийн нийт 24 үзүүлэлтийг шинжилдэг, шинжилгээний хариу нь ойролцоогоор 17 минутад багтаж гардаг, цагт 200 шинжилгээ хийх өндөр бүтээмж, хурдны хүчин чадалтай аппарат бөгөөд олон улсад халдварт өвчин, зарим төрлийн хавдар, зүрхний өвчний оношилгоо эмчилгээний практикт ашиглагддаг юм байна.

Тус эмнэлэг дээр зүрхний шигдээсийн эрт үеийн оношилгоо эмчилгээний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх боллоо.