САЛБАРЫН ХЭМЖЭЭНД АНХ УДАА ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийнхээ эмч, мэргэжилтэн, ажилтны мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлагын хэм хэмжээг өнөөгийн түвшнээс эрс сайжруулах зорилгоор 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарлаж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Ёс зүй, харилцаа хандлагын жилийн үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг угтсан үйл ажиллагааны хүрээнд “Улсын гуравдугаар төв эмнэлгийн ажилтны тангараг” өргөх ёслолын үйл ажиллагааг 2014 оны 05сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Эмч, сувилагч мэргэжилтэн хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахад эрдэм оюун, мэдлэг чадвараа зориулахаа батлан илэрхийлж тангараг өргөдөг. Харин эмнэлгийн ажилтны тангараг өргөх энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсын Эрүүл мэндийн салбарын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа нь онцлог ач холбогдолтой юм.

Эмнэлгийн эмч ажилчдад үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эмнэлгийнхээ алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг мөрдөн ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хандах зөв хандлагыг хэвшүүлж, Монгол улсын Анагаах ухаан, Эрүүл мэндийн салбарт оруулсан тус эмнэлгийн хувь нэмэр, ололт амжилтыг үргэлжид бататган баяжуулж, хамт олноороо бахархах, хамтач үзэлтэй байгууллагын соёлыг бий болгон хөгжүүлж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд тангарагын зорилго оршиж байгаа юм.

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Хонгорзул, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга Б.Саранцэцэг нар урилгаар ирж оролцлоо.

“Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн ажилтны тангараг” өргөх ёслолын үйл ажиллагаа нь хойшид жил бүрийн 09 дүгээр сарын сүүлчийн долоо хоногт “Шинэ ажилтны тангарагийн өдөр” болгон зохион байгуулагдаж байх юм.