“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2013” ҮЗЭСГЭЛЭН

Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн 165 дугаар “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Яам, “Мишээл групп” ХХК, Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ Эм холбоо” –нын хамтарсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2013” үзэсгэлэн 2013 оны 10 сарын 11-13-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдлаа.

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг нь тус үзэсгэлэнд АНУ-ын “Мянганы Сорилтын Сан”, ДЭМБ-ын санхүүжилт дэмжлэгтэйгээр 2013 онд өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн тархины харвалт, зүрхний шигдээсийн оношилгоо эмчилгээний шинэ дэвшилтэд техник технологи, цээжний хөндийн болон зүрхний 3D хэт авиан оношилгоо, дурангийн Olympus Evis Exera 3 шинэ техник, дүрс оношилгооны 64 зүслэгт КТ-ийн аппарат, “Хавирганы мөгөөрсөөр хамрын нурууг өндөрлөх мэс засал” зэрэг оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийг суртачилж оролцов.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд тус эмнэлэгийн тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн бүлэн хайлуулах эмчилгээний дэвшилтэд арга, зүрхний шигдээсийн бүртгэл хяналтын программ хангамжийн талаар нээлттэй илтгэл хэлэлцүүлж, оношилгоо эмчилгээний дэвшилтэд техник технологийн талаар, тархины харвалт, цусны даралт ихсэх өвчин, таргалалт зэрэг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх амьдралын хэв заншлын талаар үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн олон нийтэд таниулж суртачлах, зөвлөгөө өгөх, улсын болон хувийн хэвшлийн мэргэжил нэгт эмнэлгийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгууллаа.