ХАРИЛЦААНЫ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судасны төв, Эх нярайн эрүүл мэнд ба Цахим эрүүл мэндийн өргөжил” МОН/005 төсөл Франц улсын “Пипл Праймтайм” Олон Улсын Академитай (People Primetime International Academy) хамтран ШУГТЭ-ийн Зүрхний төвийн эмч мэрэгжилтнүүдэд зориулан “Харилцааны ур чадварыг хөгжүүлэх сургалт”-ыг 2016 оны 11-р сарын 7-ны өдрөөс 19-ний өдрийг дустал хугацаанд ШУГТЭ дээр зохион байгуулж байна. 
Тус сургалтын гол зорилго нь эмч мэргэжилтнүүдэд өөрийгөө таних, өөрсдийн харилцааны чадварын давуу ба сул талуудыг олж мэдэх, хамтран ажиллагсад, өвчтөнүүд, тэдгээрийн ар гэрийнхэнтэй өдөр тутмын харилцаанд орохдоо өөрийн харилцааны чадварын давуу талуудаа хэрхэн ашиглах, сул талаа хэрхэн засч залруулах, улмаар бусадтай хэрхэн амжилттай харилцаанд орох тухай арга техникүүдийг интерактив аргаар зааж чиглүүлэхэд оршино. 
Түүнчлэн нийгмийн харилцааг амжилтгүй болгодог, хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсгэдэг, улмаар ажлын бүтээмж урам зоригийг мохоож байдаг стресс, уур бухимдлаас хэрхэн зайлсхийх, хэрхэн түүнээс ангижрах, улмаар харилцаагаа аварч, бие биенээ ойлгосон, хүндэлсэн, хамтрагч харилцаа хандлагыг бий болгох, батжуулах тухай хувь хүний зан чанарт суурилсан сэдвүүд тус сургалтын чухал хэсэг байх юм. 
Тус сургалтыг Франц улсын “Пипл Праймтайм” Олон Улсын Академаас уригдан ирсэн 29 жилийн мэргэжлийн туршлагатай нийгэм судлаач, харилцаа хандлагын мэргэжилтэн, сэтгэл зүйч Жиоржио Боуроникос болон 29 жилийн мэргэжлийн туршлагатай байгууллагын стратеги зохион байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн мэргэжилтэн Оливие Ноблот нар зохион байгуулан явуулж байна.