Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэн эрүүл мэндийн байгууллагын шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэгээс санаачлан 2016 оны 12 сарын 15-ны өдөр “Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УГТЭ, УНТЭ, ХСҮТ, БГДЭМТ, БЗДЭМТ, СХДЭМТ, СБДЭМТ, ХУДЭМТ, ЧДЭМТ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас Мишээл зэрэг эмнэлгүүдийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, менежер болон тус эмнэлгийн удирдлага, эмч нарын төлөөлөл нийт 40 гаруй ажилтан оролцсон.

Хэлэлцүүлэгээр эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэхэд яаралтай тусламжийн эрэмбэлэн ялгалтын цар хүрээний чухлын зэрэглэл, эрүүл мэндийн байгуулагын эмч мэргэжилтний эмчилгээ оношилгоо, эмнэлзүйн удирдамж мөрдөлт, тусламж үйлчилгээтэй холбоотой хууль эрхзүйн тушаал шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахад тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх үйл ажиллагааг сайжруулахад эмч мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын байрны сургалтыг зохион байгуулан явуулахад хамтарч ажиллахад бэлэн байгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц,Төмөр-очир онцолж хэллээ.

Хэлэлцүүлэгээс эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэхэд эмчээс эмчид илгээх мэдээлэлийг утсаар болон цахим хуудсаар солилцох, эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай амь насанд аюултай тохиолодолд өмчийн хэлбэр болон шатлал харгалзахгүйгээр хамгийн ойр эмнэлэгт тусламж үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаа болон цаашид эрүүл мэндийн байгуулагуудын шатлал хоорондын хамтарсан уулзалтыг үечилсэн байдлаар зохион байгуулах талаар санал зөвлөмж гаргаж, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлэхээр болсон байна.