ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХИЙН ТУЛД МӨНГӨНИЙ ГАЧИГДАЛД ОРОХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ  

Сүүлийн жилүүдэд манай улсын эрүүл мэндийн салбарт гарч байгаа томоохон ололт амжилтуудын үр дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж чадвал тархины харвалт авсан хүн бүр тахир дутуу болдог байсан тэр цаг, үеэ өнгөрөөж байна. Үүний бодит жишээ нь Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Харвалтын тасагт бүлэн хайлуулах эмчилгээ хийлгэсэн хүмүүс юм. Бүлэн хайлуулах эмчилгээний тариа, ганц ампул нь 1200-1500 орчим долларын үнэтэй. Мэдээж бага тоо биш. Өнөөгийн ханшаар бол бараг гурван сая төгрөг боловч “Эрүүл мэндийн шилдэг технологийг нэвтрүүлэгч байгууллага-2016”-аар шалгарсан ШУГТЭ энэ зардлыг эмийн төсөвтөө суулгаж өгсөн нь үйлчлүүлэгчийн халааснаас гарах зардлыг тэглэх нөхцөл болж байна.

Бүлэн хайлуулах эмчилгээнээс гадна хэдэн арван саяар үнэлэгдэх өндөр өртөгтэй эмчилгээг эх орондоо эдийн засгийн дарамт багатайгаар хийлгэсэн монголчуудын тоог харвал 2016 онд нийт 4143 хүний 13 төрлийн мэс засал, мэс ажилбарын тусламж үйлчилгээнд 15.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон байна. Эмч мэргэжилтнүүд ч ур чадвараа гарган дэлхийн анагаах ухааны ололт амжилтаас хоцролгүй суралцаж, улам олон хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх таатай нөхцөл бүрджээ. Энэ талаар ШУГТЭ-ийн удирдлагууд, зөвлөх профессор, эмч докторуудтай ярилцсанаа уншигч та бүхэнд товчлон хүргэж байна.    

Сэтгүүлч: Тархины харвалт, зүрхний шигдээс өвчин нас баралтын гол шалтгаан болсоор байна. Энэ өвчний талаарх уламжлалт ойлголтоор бол насжилттай шууд холбож үздэг. Гэтэл залуу хүмүүс ихээр өртөх болсон байна, залуужиж байгаа шалтгаан нь юу вэ?

Д.Нарантуяа, зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор: Сүүлийн үед Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлэг дээр тархины харвалт, зүрхний шигдээс өвчний улмаас үйлчлүүлж байгаа хүмүүсийн нас үнэхээр залуужиж байна. Эмч нар дээр ирж байгаа хүмүүсийг харахад хорин зургаатай, гучтай хүмүүс зүрхний шигдээсээр өвдөөд орж ирж байна.

Сэтгүүлч: Өнөөдрийн байдлаар эдгээр өвчлөлийн талаар ялангуяа настай нь холбоод яривал ямар мэдээлэл өгч чадахаар байна?

Ж.Ариунаа, ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор: Эмчлүүлэгчдийн дийлэнх нь 45-55 насны хүмүүс байна. Харин сүүлийн үеийн хамгийн залуу тохиолдол бол 19 настай байсан.

Д.Нарантуяа, АУ-ны доктор: Зүрхний шигдээсээр надад хандсан 23 настай, 26 настай тохиолдлууд бас байсан. Сүүлийн үед залуучууд фитнесээр их хичээллэх болсон, уургийг ихээр хэрэглэж байгаа нь энэ өвчинд хүргэх шалтгаан болсон байсан.

Д.Батнаран, ШУГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч: Зүрхний шигдээсээр өвчилсөн 27 настай, 29 настай тохиолдлууд бас ирж байсан. Гуч гаруй настай зүрхний шигдээсийн тохиолдлууд бас байгаа. Ер нь дийлэнх хэсгийг 40-50 насны тэр дундаа эрчүүд голлон эзэлдэг байгаа хэдий ч энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад илүү залуу байгаа.

Ж.Ариунаа, ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор: Харвалтад хүргэж байгаа гол суурь өвчлөлүүд мөн эрсдэлт хүчин зүйлс гэж байгаа. Хамгийн нэгдүгээрт, амьдралын буруу хэв маягтай шууд холбоотой байна. Таргалалт, хөдөлгөөний хомсдол, бухимдал, цусны даралт ихсэлт, архидалт, тамхидалт зэрэг нь залуу хүмүүсийн дунд их байгаа учир тархины харвалт, зүрхний шигдээс ингэж залуужиж байна.

С.Наранцэцэг, ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор: Статистик гэвэл 2015 оны байдлаар зүрхний шигдээсээр 2000 гаруй хүн, тархины харвалтаар 1800-гаад хүн зөвхөн манай эмнэлгийн тус бүр 20, 20 ортой тасгууд дээр ирсэн. Гэтэл бид улсын бүх ачааллыг авах боломж хомс. Манай эмнэлэгт ирж байгаа хүмүүс бол мэдээж өндөр технологийн тоног төхөөрөмж дээр нарийн мэргэжлийн оношилгоо эмчилгээ хийлгэх зайлшгүй шалтгаантай хүмүүс ирж байгаа гэхэд л ийм тоо байна. Магадгүй зарим хүмүүс үнэхээр шаардлагатай ч гэсэн газрын холоос ирж чадахгүй тохиолдлууд байгааг үгүйсгэхгүй.

Сэтгүүлч: Гуравдугаар эмнэлэг дээр ирж байгаа энэ их ачааллыг эмнэлгийн дарга ямар менежментээр зохицуулж байна?

Ц.Төмөр-Очир, ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор: Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд Гуравдугаар эмнэлэг дээр тархины харвалт, зүрхний шигдээсийн тасаг байгуулагдаад 2014 оноос хойш ажиллаж байна. Тархины харвалт, зүрхний шигдээсээр өвчилж нас барж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдээд ДЭМБ-ын мэдээгээр байнга тэргүүлэх хандлагатай хэвээр байна. Бид ямар бодлого барьж ажиллаж байна вэ гэвэл зөвхөн манай эмнэлэгт ирж байгаа хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллыг бүрэн дүүрэн үүрээд зогсохгүй хөдөө орон нутгийн болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр удирдах, эмч нарыг эмнэлзүйн удирдамжийн дагуу тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламжийг цаг алдалгүй үзүүлдэг чадвартай болгох сургалтуудыг тасралтгүй, шат дараатай явуулж байна.    

Д.Нарантуяа, зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор: Яг аминд тулсан тусламж үйлчилгээнд “Алтан цаг”-ийн дүрмийг барьж ажилладаг. Энэ цаг хугацааг алдах л юм бол тусламж үйлчилгээ улам л хүндрээд байдаг. Нэг минут өнгөрөхийн хэрээр хоёр сая тархины эс үхэждэг. Тэхээр цаг хугацаандаа амжиж тусламж үйлчилгээг авах хэрэгтэй. Гэтэл цагтаа амжиж авах ёстой тусламж үйлчилгээний өртөг өндөр байдаг. Эдийн засгийн дарамтанд ордог байсан үе саяхан. Харин иргэд маань 2015 оноос эхлээд өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгслийн үнийн хөнгөлөлт эдэлж эхэлсэн байгаа.

С.Наранцэцэг, ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор: Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний эм хэрэгслийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын хуулийн 9.1.6 мөн 9.1.8-д суулгаж өгсөн. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх аажимдаа нэг худалдан авалтын тогтолцоонд шилжүүлэх, эрүүл мэндээс болж иргэнд учирч байгаа эрсдэлийг даатгалын сангаас хуваалцах зэрэг зарчмын асуудлуудыг Эрүүл мэндийн даатгалын хуулиар шийдвэрлэж чадсан. Эрүүл мэндийн даатгалын хууль 2015 оны 1-р сарын 29 нд батлагдаад 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу даатгуулагчийг хамгийн ихээр санхүүгийн эрсдэлд хүргэж байгаа гэдэг утгаар өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа хэрэгслийн зардлыг даатгалын сангаас олгохоор Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 07 тоот тогтоолоор баталгаажаад амжилттай хэрэгжээд явж байна. Хэрэв 2015 онд 107 нэр төрлийн хэрэгслийг даатгалын сангаас хариуцсан бол 2016 оны байдлаар 484 хэрэгслийг санхүүжүүлж байна. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа хэрэгслийг аль болох цогц байдлаар шийдвэрлэж байна. Үүнд нэг мянган төгрөгөөс эхлээд 28 сая хүртэл төгрөгийн үнэтэй хэрэгслүүд орж байгаа.

Сэтгүүлч: Эрүүл мэндийн даатгалын хуулиар хийгдсэн энэ зохицуулалт дээр ЭМЯ, ХНХЯ, Сангийн яамдын хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй байгаа гэж бодож байна. Энэ хамтын ажиллагааны ач холбогдол эмнэлгийн үйл ажиллагаанд хэрхэн мэдрэгдэж байна?

Ц.Төмөр-Очир, ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор: ЭМЯ, ХНХЯ, Сангийн яам хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалт маш чухал үүрэгтэй байгаа гэдгийг та зөв харсан байна. Дээр нь тухайн эрүүл мэндийн байгууллага хууль, эрх зүйн эдгээр оновчтой шийдвэр, зохицуулалтын үр ашгийг иргэдэд хэрхэн хүргэх вэ, тусламж үйлчилгээндээ яаж хамгийн өндөр үзүүлэлттэй нэвтрүүлэх вэ гэдэг бүр ч чухал. Манай эмнэлэг 2015 онд 1.4 тэрбум төгрөгийн, 2016 онд 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ авах иргэдэд тулгарч байгаа хүндрэлийг багасгаж чадсан. Улсын хэмжээний энэ чиглэлийн тусламж үйлчилгээний 40 гаруй хувь нь манай эмнэлэг дээр хийгдсэн гэсэн үг. Урьд нь ийм боломж байсангүй. Энэ бол иргэн хүнд маш өгөөжтэй шийдвэр болсон. Жишээ нь, зүрхний шигдээсийн эмчилгээнд орох байлаа гэхэд судсан дотуурх оношилгоог хийлгээд судсанд стенд буюу тэлэгч тавиулахад 2-3 сая орчим төгрөг иргэн өөрөө төлдөг байсан бол энэ хуулиар дөрөвний гурвыг нь даатгалын сангаас хөнгөлж өгдөг боллоо.

Х.Батмягмар, ШУГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч: Нийгмийн даатгалын ҮЗ-ийн 07 тоот тогтоолын дагуу манай эмч нар зүрхний дутагдлын үеийн ресинхронизаци эмчилгээ мөн зүрхний хэм удирдах пэйсмекер эмчилгээ аблаци буюу хэм алдагдлын түлэх, хөлдөөх эмчилгээ, гол судасны графт стэнт суулгах эмчилгээ мөн зүрхний судсанд стэнт тавих эмчилгээ зэрэг 5-6 төрлийн зүрх болон гол судас, захын судсан дотуур хийгдэх интервенци /зүрхний дутагдлын/ эмчилгээний шинэ төрлүүд нэвтэрсэн. Энэ боломжуудыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгслийн үнийн хөнгөлөлтөд хамруулаад эхлэхээр энэ чиглэлийн үндсэн эмчилгээ сайжраад энэ төрлийн өвчлөлөөр нас баралтыг бууруулах хэмжээнд бид тусламж үйлчилгээг үзүүлж чаддаг боллоо. Эмч нарын зүгээс хагалгаанд хэрэглэгдэх багаж хэрэгсэл дээр санаа зовох зүйлгүйгээр ажиллаж байна. Жишээ нь, нэг өвчтөнд тавигдах стэнтний тоо боломжийн хэрээр шаардлагатай бүх судсанд тавих ийм шатанд хүрсэн байна. Үнийн дүнгийн тухайд өмнө нь нэг стэнт суулгахад өгч байсан зардалыг өнөөдөр 5-6 стэнт суулгахад зарцуулж байгаа нь иргэнд очих эдийн засгийн хүндрэлийг эрс бууруулж байгаа.

Ц.Төмөр-Очир, ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор: 07 тоот тогтоолын хүрээнд өндөр өртөгтэй мэс заслын зарим хэрэгслүүд, сэргээн заслын зарим хэрэгслүүдийн үнийг л хөнгөлж байна. Түүнээс биш тэр өндөр өртөгтэй мэс заслыг бүхэлд нь санхүүжүүлж байгаа хэрэг биш. Батмягмар эмчийн хэлсэн дээр нэг зүйлийг онцолж тодруулахад, эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж байгаа энэ хөнгөлөлт иргэнд очих эдийн засгийн хүндрэлийг эрс бууруулж, эмч нарын зүгээс хагалгаанд хэрэглэгдэх багаж хэрэгсэл дээр санаа зовох зүйлгүйгээр ажиллаж байгаа нь маш сайн. Гэхдээ тусламж үйлчилгээ ингээд өргөжөөд ирэхийн хажуугаар эмнэлгийн урсгал зардал, эмчийн үйл ажиллагааны үндсэн зардал яг хуучнаараа мөрдөгдөж байгаа учир энэ нөхцөл байдалтай холбоотойгоор эмнэлгийн ачаалал эрс хүндрээд ирж байгаа. Гэвч бид “Эрүүл мэндийн шилдэг технологийг нэвтрүүлэгч байгууллага-2016” болсондоо их урамтай байна.       

С.Наранцэцэг, ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор: Манайх 2015 онд 107 нэр төрлийн өндөр өртөгтэй хэрэгслийг 8 төрлийн тусламж үйлчилгээнд хөнгөлж байсан бол 2016 онд 307 төрлийн хэрэгслээр 16 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Онцолж хэлэхэд, тархины судсан доторх оношилгоо эмчилгээ нэн тулгамдсан асуудал байсан. Энэ тусламж сайдын тушаалд тусгагдаагүй учир иргэд тархины оношилгоо, тухайлбал, тархины хавдар, судасны цүлхэн зэргийг оношлуулахад тун төвөгтэй, яалт ч үгүй өөрөө төлдөг байсан бол 2016 оны 6-р сараас эхлээд тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээний асуудлыг 07-р тогтоолын хүрээнд шийдвэрлэж өгсөн. Бид бас нүдний болорын мэс засал, торлог шилэнцэрийн мэс засал хийх боломжтой боллоо. Тухайлбал, болорын мэс засал дээр зөвхөн тэтгэврийн насны хүмүүс халамжаас тодорхой хэмжээний дэмжлэг авдаг байсан бол өнөөдөр нялх хүүхэд, 20-30 насны залуус мөнгөгүйгээсээ болоод болор, торлогоо солиулж чадахгүй хараагаа алдахад хүрч байсныг мөн л энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хэрэгслийг хөнгөлөх тухай тогтоолоор шийдээд өглөө. Өмнө нь аргагүйн эрхэнд гадаад улс оронд явж эмчлүүлэх боллоо гэхэд зардал нь зөвхөн өвчтөний эмчилгээний зардлаар хязгаарлагдахгүй шүү дээ. Ар гэрээс нь хамт явах хүнтэй нийлээд 2-оос дээш хүний замын зардал, унаа, байр, хоолны мөнгө нэмэгдэнэ гээд бод, үнэхээр эдийн засгийн хүнд дарамттай учирч байлаа шүү дээ.    

Н.Баатаржан, ШУГТЭ-ийн Ангиографын оношилгоо, эмчилгээний тасгийн их эмч: Жишээ нь, бид нэлээд өндөр өртөгтэй, 88 сая орчим төгрөгийн зардалтай том хэмжээний хагалгааг нэг өвчтөнд хийсэн. Үүний дийлэнх хувийг даатгалаас багахан хувийг иргэн өөрөө төлсөн. Тэгэхээр энэ нь тухайн хүнд эдийн засгийн асар их дэм болж байгаа. Энэ хүн бол хөдөөнөөс ирсэн хүн байсан. Өвчлөл нь манай улсад нээлттэй мэс заслын аргаар хийх боломжгүй, яах аргагүй судсан дотуур хийх тохиолдол. Үүнийг манай эмч нар хийж чадсан. Үйлчлүүлэгчид ямар давуу талтай вэ гэхээр тухайн хагалгаа гавлын ясанд нээлттэй мэс заслын аргаар хийгдэхгүй зөвхөн судсан доторх тэр эмгэг өөрчлөлтийг нь бөглөх, сэтгүүрдэх, соруулах аргаар хийгддэг учир энэ аргаар хийхэд эмчилгээний ор хоног багасна, тухайн хүндээ ямар нэгэн зовиур шаналгаа байхгүй. Төрөөс ингээд хэрэгслийг хангаад өгөхөөр эмч бидэнд ажиллах нөхцөл бүрдэж байна. Өмнө нь өндөр өртөгтэйгөөс болоод үзүүлж чадахгүй байсан тусламж үйлчилгээг хийгээд эхэлсэн, энэ нь үйлчлүүлэгч болоод эмч бидэнд хэн хэнд нь давуу тал өгч байна.

Ц.Төмөр-Очир, ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор: Зүрхний хэм алдагдал өвчлөлийн үед зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг хийлгэхээр гадаад улс руу эмчилгээнд илгээдэг байсан. Монголд эмчилдэггүй байсан. Тэгвэл энэ 07 тоот тогтоолоор Азийн орнуудад 8-20 мянган долларын өртөгтэй, Европын орнуудад 20-80 мянган еврогийн өртөгтэй энэ эмчилгээг монголчууд маань эрүүл мэндийн болоод эдийн засгийн эрсдэлд орохгүйгээр эх орондоо хийлгэх боломж бүрдэж байна. Гуравдугаар эмнэлэг дээр 2016 оны 2-р сард зүрхний хэм алдагдлын лаборатори Монгол улсад анх удаа байгуулагдаж, ЭМЯ-ны тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Иргэд маань Солонгос, Сингапур, Энэтхэг, Тайланд, Европын Холбооны улсууд руу явалгүйгээр энэ тусламж үйлчилгээг эх орондоо аваад дээр нь хэрэгслийн зардлын үнийн хөнгөлөлт эдлэх боломжтой болчихоод байна.

ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ, С.БАТНАСАН: Би зүрхний хагалгаанд орлоо. Хоёр хавтаст хавхлаг солиулсан, хоёр судсанд тэлэгч тавиулсан. 1980 онд би группэд орсон. Группээр 15 жил явсан. Тэр хооронд зүрх маш их өвддөг байсан. Хавагнаад амьсгаадаад явж чадахаа болиод, эмнэлэгт хандахаар төлбөр нь их өндөр. Хамгийн доод тал нь 15-20 сая гэдэг. Мөнгө байхгүй явсаар байсан. Сая харин эмч нартайгаа уулзсан. Улсаас 80 хувийг нь даахаар болсон, та өөрөө 2-3 саяыг гаргана гэсэн. Тэгэнгүүт нь би хагалгаанд орсон, амжилттай боллоо, одоо сайхан, амьсгаадахаа больсон, сэтгэл тайван болчлоо, сайхан тэнхэрч байна. Надтай адил зүрх муутай хүмүүс гадаад дотоод явж эмчлүүлээд хэрэггүй, нийгмийн даатгал дээр очоод л эрүүл мэндийн даатгалаас бүх юм шийдэгдээд л монголдоо гоё болж байна. Монгол хөгжиж байна, эмч нар ч сайхан залуужсан байна, сайн ч хийдэг болсон байна.

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ: Ямар өвчлөлүүдийн үед энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хөнгөлөлтийг авч болохыг тодруулбал, нийтдээ 18 төрлийн 155 бүлэг оношоор хийгдэх үйлчилгээний хэрэгслүүд хөнгөлөгдөж байна. Үүнд:

- Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал
- Зүрхний олдмол гажгийн мэс засал
- Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал
- Артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал
- Тархи мэдрэлийн мэс засал
- Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
- Бөөрний мэс засал
- Чих, хамар, хоолойн мэс засал
- Гэмтэл, бэртлийн мэс засал
- Ерөнхий мэс засал
- Эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг болно.

Жишээ нь, зүрхний аблаци буюу зүрхний хэм алдагдлын түлэх, хөлдөөх эмчилгээн дээр гэхэд нийтдээ 18 хэрэгслийн үнэ даатгалаас хөнгөлөгдөнө. Өмнө нь ийм тусламж үйлчилгээг улсын хэмжээнд жилдээ 1800 гаруй хүн дөнгөж авдаг байсан бол өнөөдөр зөвхөн нэг эмнэлэг дээр хагас жилийн дотор үйлчлүүлсэн хүний тоотой тэнцэж байна.

Сэтгүүлч: Энэ хөнгөлөлтийг эдэлснээр иргэд эрүүл мэндээ сайжруулаад зогсохгүй, эмч нарт хэдийгээр ачаалал нэмэгдэж байгаа ч гэсэн мэргэжил дээрээ өсөж хөгжихөд түлхэц болж байна уу?

З.Лхагвасүрэн, ШУГТЭ-ийн Ангиографын оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, АУ-ны доктор: Зөвхөн ганц ширхэг стэнтээр шийдэгдэхгүй, олон судасны эмгэгтэй бол хоёр гурван стэнт тавиулах шаардлагатай хүмүүс өмнө нь 8-9 сая төгрөг төлөх болоод ирдэг байсан. Өмнө нь шигдээсээр өвчлөөд архаг хэлбэрт орсон хүмүүс эдийн засгийн ачааллаас болоод эмчлүүлж чаддаггүй байсан. Гурван жилийн өмнө жилдээ 300-гаад хүнд стэнт тавьдаг байсан бол одоо 2016 оны тоогоор 1988 хүнд 1086 стэнт тавьсан байна. Тэхээр энэ шийдвэр бол ард иргэдэд ач буянаа өгөхөөс гадна эмчлэх, урьдчилан сэргийлэхэд цаг хугацаа алдахгүй байхад маш их тустай байна. Эмч нарын ачаалал нэмэгдсэн хэдий ч багаж хэрэгслийн доголдол байхгүй болсон. Энэ зөвхөн зүрхний титэм судсан дээр биш пэйсмекер эмчилгээн дээр бас адилхан. Төрөлхийн гажгийн цоорлыг гадаадад эмчлүүлдэг байсан, шүхрээр бөглүүлэх зэрэг эмчилгээг гадаадад 5-8 мянган доллараар хийдэг байсан одоо тэр эмчилгээг манай эмч нар бие даагаад хийж чаддаг болсон. Материалыг нь оруулаад ирэхэд бол одоо манай эмнэлэгт энэ чиглэлийн тэргүүлэх зэргийн эмч нар бүгд ажиллаж байна, хийж байна. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хөнгөлөлт нэвтэрснээр бага насны хүүхдийн төрөлхийн гажигийг ч гэсэн бид өөрсдөө эмчилж байна. Үүнээс гадна нэг хэлэх зүйл байна. Шигдээс, харвалтад хүргэж байгаа гол үндсэн шалтгаан болох цусны даралт ихсэх өвчин, 15-20 хувийг эзэлдэг. Даралт ихэсдэггүй хүн гэж байхгүй, одоо бүр залуужсан. 2015 оноос эхлээд манай эмнэлэг бөөрний эмэнд тэсвэртэй даралт ихсэх өвчнийг дэлхий нийтэд зүрхний аблаци хийж эмчилдэгтэй адил мэдрэлжүүлэлтийг таслах эмчилгээ хийж байна.

Ц.Төмөр-Очир, ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор: Эдгээр өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хэрэгслүүд бол яах аргагүй өндөр өртөгтэй гэдэг судлагдаж тогтоогдсон байгаа. Жишээ нь, зүрхний хавхлаг солих, тархины мэс засалд хэрэглэгдэж байгаа хэрэгслүүд маш өндөр технолиогоор бэлтгэгддэг. Зүрхний хавхлаг гэхэд биологийн хавхлаг, гахайны үнхэлцэгнээс гаргаж авах жишээтэй. Орж ирж байгаа хэрэгслүүд дандаа Европын Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн, стандартын шаардлагад хангасан бүтээгдхүүнүүд нийлүүлэгдэж сүүлийн хоёр жил тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байна. Хүний биед тавихад ямар нэгэн хор нөлөөгүй, урт хугацаанд ашиглагдах боломжтой, тухайн эрхтнийхээ үүргийг бүрэн гүйцэтгэж чадна гэдэг нь дэлхийн стандартаар батлагдаад зогсохгүй, үйлдвэрлэл явуулахад маш нарийн технологи, процесс шаардагдана. Одоогоор үндэсний хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй учир бид гадны зах зээлээс авах үнээ боломжит хамгийн бага хэмжээнд аваачих тухай л ярихаас өөр арга байхгүй.

ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ Д.ПҮРЭВСҮРЭН: Би Архангай аймгийн Эрдэнэмандалаас ирсэн. Хавхлагны хагалгаанд орсон. Хоёр хавхлаг солиулсан, нэг хавхлаг сэтгүүлсэн. Биеийн байдал их сайн байна. Хоёр жилийн өмнө энэ хагалгааг хийлгэх шаардлагатай гэсэн онош нь тодорхой болсон. Тэгсэн ч орж чадахгүй явсаар энэ жил орлоо. Анх хагалгааны үнийг асуухад 13-15 сая төгрөгөөр хийнэ гэж байсан. Тэгж байтал энэ жил ердөө 3 сая төгрөг бэлдчихэд болно гэсэн. Тэгээд тэр мөнгөө өгөөд бусдыг нь даатгалаас хөнгөлүүлээд орлоо.

Д.Нарантуяа, зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор: Хэрэгслүүдээс гадна зарим чухал эм тариа яригдах ёстой. Жишээ нь, тархины харвалт, зүрхний шигдээсийн үед хэрэглэдэг бүлэн уусгах эмчилгээ байна. Амь нас хутганы ирэн дээр ирсэн үед алдаж болохгүй “Алтан цаг” гэдэг ойлголт байдаг. “Алтан цаг”-таа багтаад ороод ирсэн үйлчлүүлэгчид тэр тариаг хийхэд ердөө 3-7 хоногийн дараа гэхэд ямар ч саа, саажилтгүй, зүрхэнд ямар ч үхжилгүйгээр эрүүл саруул болох боломжтой болсон. Гэтэл энэ тариа нь асар өндөр үнэтэй. Нэг ампул нь 1200-1500 орчим доллар. Энэ тариаг Гуравдугаар эмнэлэг мөн эмчилгээнд ашиглаад эхэлсэн. Төв эмнэлгээр зогсохгүй хөдөө орон нутагт бид үнэтэй тоног төхөөрөмж суулгаж чадахгүй юм аа гэхэд ядаж энэ тариаг цаг алдалгүй хийчээд дараагийн шатны эмнэлэгт хүргэж, стэнт суулгах, бусад нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлэхэд тун дөхөмтэй болох юм. Одоо харахад ганц ампул нь асар үнэтэй байгаа боловч хэрвээ тэр хүн тахир дутуу, саажилттай болчвол, тэр хүний зүрх үхжээд зүрхний дутагдалтай болчвол хувь хүн байтугай улс оронд ганц ампул тарианаас илүү зардал гарна.

Ж.Ариунаа, ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор: Тусламж үйлчилгээг цагт нь авч чадвал тархины харвалт авсан хүн бүр тахир дутуу болдог байсан тэр байдал үеэ өнгөрөөж байна. Үүний бодит жишээ бол манайд эмчлүүлээд гарч байгаа хүмүүс. Бүлэн хайлуулах эмчилгээ хийлгээд хөл гарын саажилтгүйгээр бүрэн эдгээд гарсан байгаа. Энэ бол шинэ технологи. Манай тасгийн үндсэн гол зорилго бол энэ эмчилгээний аргыг нэвтрүүлэх юм. Нэвтрүүлж эхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд бид 52 хүнд эмчилгээ хийгээд дэлхийн хэмжээний гэж хэлэхээр үр дүнтэй ажиллаж байна. Бүлэн хайлуулах тариа нэг ампул нь 1200-1500 орчим долларын өртөгтэй байгаа. Бид Мянганы сорилтын сангийн тусламжаар бүлэн хайлуулах тариаг анх хэрэглэсэн. Мянганы сорилтын сангийн дэмжлэг зогссоноос хойш 2016 оноос эхлээд манай эмнэлэг тэндерээр аваад хийж эхлээд байна. Харин манай эмнэлэг энэ үнэтэй тариаг эмийн төсөвтөө суулгаж өгсөн учир үйлчлүүлэгчээс ямар зардал гарахгүй.

Ямар үед энэ тариаг хийх вэ гэвэл, тархины цус хомсрох харвалтын үед судас бөглөрдөг. Ингэж харвалтын шинж тэмдэг өгсөн үед эхний гурван цагийн дотор бүлэн хайлуулах тариаг хийнэ. Тарианы үйлчилгээгээр бөглөөд байсан судасны бүлэн уусаад судасны цусны эргэлт эргэж сэргээд тэр хүн харвалтаас үүсэх саа саажилтгүй хэл ярианы өөрчлөлт орохгүйгээр бүрэн эдгэнэ. Энэ тариаг хэрэглэснээр тахир дутууг эрс бууруулсан дэлхийн туршлага байгаа юм. Тийм ч учраас цус хомсрох харвалтын эмчилгээний гол арга бол энэ.

Энэ тариаг хэрэглэхээс гадна үүссэн бүлэнг судас дотуур багажаар авдаг эмчилгээний арга бас нэвтэрч эхэлж байна. Нэг хүнд энэ аргаар эмчилгээ хийгдсэн. Тэгэхээр хувь хүн бол харвалтын шинж тэмдэгээ таниад эрт эмнэлэгт хандахад бид энэ тусламжийг үзүүлж чадах хэмжээнд хүрсэн. Энэ эмчилгээг хичнээн цаг алдалгүй хийж чадвал төдийчинээн үр дүн сайтай.

Н.Лхамцоо, ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн их эмч, АУ-ны доктор: Бидний судалгаагаар харвалтын дараа хүн тахир дутуу болж үлддэг байсан. Нэг бол эмнэлэгт тээвэрлэлгүйгээр биеийн байдлыг харзная гээд гэрт нь үлдээгээд нас баралт их өндөртэй байсан. Шинэ технологийг нэвтрүүлснээр хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралт багасаж байгаа. Сэргээн засах үйлчилгээний энэ үр дүнд хүрэхийн тулд 2003 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монгол улсад урьд нь байгаагүй хөдөлгөөн засалч, ахуй засалч, хэл засалч, хөдөлмөр засалч гэх мэт мэргэжлүүдийг бий болгосон. Энэ бүхний цаана залуужаад байгаа тархины харвалт, зүрхний шигдээсийн дараа тэр хүний хөдөлмөрийн чадварыг сэргээн хадгалах гэдэг чухал зорилго байгаа. Хөдөлмөрийн чадвараа алдахгүй байснаар хүн өөрөө амьдралаа, ар гэрээ авч явна, эдийн засгийн хүндрэлд өөрөө болоод улс орноо оруулахгүй гэсэн үг. Эргээд эрүүл мэндийн салбарт ирэх ачааллыг ч гэсэн шууд биш утгаараа бууруулна гэсэн үг. Бид мэргэжилтнүүдээ бэлтгэж чадаж байна, сургалтын хөтөлбөртэй болсон байна. ЭМЯ-ны харъяа төв эмнэлгүүдээс гадна аймаг, дүүргийн эмнэлгүүд дээр энэ сэргээн засах нарийн мэргэжлийн эмч нар ажиллаад эхэлсэн байна.

Сэтгүүлч: Үнэхээр энэ харвалт, шигдээс гэдэг гэнэт л хүрээд ирдэг юм уу? Иргэд оройтохгүй байх талаасаа юм хийх боломжтой юу? Энэ бүх ярианы эцэст хүн өөрийн эрүүл мэндийн төлөө санаа тавиад урьдчилан сэргийлээд байвал энэ бүх явдал зардал багасах, хүн нь эрүүл байснаар нийгэм нь хөгжих ийм гарц харагдаад байна. Тэхээр энэ үнэхээр гэнэт ирдэг өвчин үү?

Д.Нарантуяа, зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор: Суурь өвчтэй хүмүүс дээр бол хүндрэл байдлаар гарна. Гэвч тухайн нөхцөл байдлаас үүдээд суурь өвчингүй ч гэсэн гэнэт хүний амь насыг авч явдаг ийм эмгэг. Ийм тохиолдолд ямар шинж илэрвэл та цаг алдалгүй арга хэмжээ авах вэ гэдгийг мэдсэн байх ёстой. Ингэж чадвал та тахир дутуу болохгүй, хөдөлмөрийн чадвараа алдахгүй байж чадна. Тиймээс мэдээлэл мэдлэг чухал, тэр тусмаа мэдээллийг мэдлэг болгож чадаагүйгээс хүмүүс хугацаа алдаад тэгээд хүндэрсний дараа эмнэлэгт ирдэг, тэгээд л энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг авахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм.

Тархины харвалт, зүрхний шигдээсийг үүсгэдэг гол шалтгааныг арилгахад бодлогыг чиглүүлэх хэрэгтэй. Цусны даралт ихсэх эмгэг өмнө нь 4 хүн тутамд тохиолддог гэсэн судалгаа байсан бол сүүлийн үеийн судалгаагаар энэ тоо 3 хүн тутамд нэг болсон. Даралт ихсэх өвчний хүндрэлээс 62 хувь нь тархины харвалтад хүргэдэг бол үлдсэн 40 хувь нь зүрхний титэм судасны буюу ишемия гэж манайхан мэддэг болсон байна, зүрхний цусан хангамж дутагдах өвчнийг үүсгэнэ. Ингээд тохиолдлын тоо нэмэгдээд байгааг анхаарч, эрт илрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй. 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Тархины харвалтыг урьдчилан таних хамгийн энгийн аргыг танилцуулж байна. Энэ аргыг ХААХ арга гэнэ. 

Х – харах, таны нүд ямар нэгэн зүйлийг хоёрлож, давхарлаж, таллаж эсвэл огт харахгүй болох

А – алхах, таны тэнцвэр алдагдаж, гуйвж дайвж, эсвэл огт явж чадахгүй болох

А – алдах, таны нэг талын гар хөл суларч, эсвэл гарт барьж буй зүйлээ алдах

Х – хэлэх, таны хэл орооцолдож ярихад төвөгтэй болох

эдгээр дөрвөн шинж тэмдэг буюу дахин хэлье Харах, Алхах, Алдах, Хэлэх буюу ХААХ эдгээр дөрвөн шинж тэмдэгийн аль нэг шинж тэмдэг илэрвэл та яаралтай 103 буюу түргэн тусламж дуудаж ойрын эмнэлгийн байгууллагад хандана уу? Цаг алдвал таны амь насанд аюултай гэдгийг бүү мартаарай.

Ц.Төмөр-Очир, ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор: Эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа маш олон жил явагдаж байна. Жил бүр эрүүл мэндийн байгууллагууд төрөл бүрийн хэлбэрээр бүх шатанд энэ ажлыг хийдэг. Сүүлийн үед иргэд эрүүл хооллолт гэх мэт эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж байна. Гэхдээ л эрүүл мэндийн хариуцлага гэдгийг ярихгүй бол болохгүй байна. Яг өвдөөд ирсэн үедээ миний амь насыг энэ эмнэлэг, энэ эмч хариуцах ёстой гэсэн хандлага арилахгүй байсаар л байна. Өвчлөхгүй байхын тулд би ямар хариуцлага хүлээсэн бэ, би ямар үүрэгтэй вэ гэдгээ маш сайн ухамсарлаж, өвчлөлд автахгүй байхыг зорьж л амьдрах хэрэгтэй байна. Хүн даралттай болчоод тэрийгээ ихэсгээд хүндрүүлээд яваад байх уу, даралтгүй байхын төлөө явах уу гэдгээ сайн ойлгох хэрэгтэй.

Сэтгүүлч: Тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ, бусад өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй ярилцлаа. Эмчилгээний чанар, хүртээмж сайжрахын хэрээр өртөг нь буурч, иргэд эрүүл мэндээсээ болж эдийн засгийн дарамтанд орохгүй байх боломж нэмэгдсээр байгаа тухай энэ үнэ цэнэтэй мэдээллийг өгсөн та бүхэнд уншигчдын өмнөөс талархаж байна.      

Сэтгүүлч А.Сарантуяа