УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ өдрөөс хойш жил бүрийн 4 дүгээр сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон зарлаж уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил “Сэтгэл гутралын талаар ярилцъя” уриан дор Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 
Тус өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн хамт олон хүн амын дунд тулгамдаж буй сэтгэл гутралын эмгэгийг олон нийтэд таниулах, мэдээлэл түгээх, боловсрол олгох зорилгоор эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийг хамруулсан өдөрлөг зохион байгууллаа. 
Өдөрлөгөөр үйлчлүүлэгчид сэтгэл гутралын тухай ойлголт, шалтгаан, урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хэрхэн эмчлэх, сэтгэл гутралын үеийн сэргээн засах эмчилгээ, сэтгэл гутралын үеийн зохистой хооллолтын талаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нар сургалт явууллаа. Мөн үйлчлүүлэгч нарт зориулсан сэтгэл санаа тавгүйтэх, гуниг, бухимдалтай үед кали, магнигаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, өөрийн анхаарлыг өөр зүйлд хандуулан хоромхон зуурын хугацаанд сэтгэл санааг тайвшруулах амтлаг идээ, ундааг хэрхэн бэлтгэх талаар сонирхолтой жорын дагуу хийж үзүүлэн амталгаа явуулан ажиллаа. 
Мөн өдөрлөгийн үеэр сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө авах хүсэлтэй 10 үйлчлүүлэгчид сэтгэл зүйч эмч зөвлөгөө өгсөн. Тус эмнэлгийн “Зөвлөх поликлиник”-ийн Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв нь бусад тасаг, нэгжүүдтэй хамтран эрүүл мэндийн тэмдэглэлт өдөр зорилтод үйл ажиллагааны хүрээнд иргэд, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжийг тогтмол өгч ажилладаг болно.