ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫН БАГУУД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ ХАМТРАН АЖИЛЛАА

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Т.Мөнхсайхан захиралтай удирдлагын багийн хамт олон 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр танилцах аялал хийж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалж хамтран ажиллаа. 
Эмнэлгийн байгууллагуудын харилцан бие биенээсээ суралцах, эмнэлгийн удирдлагын үйл ажиллагааны шилдэг туршлагаа харилцан хуваалцах зорилгоор зохион байгуулсан тус танилцах аялал-туршлага солилцох уулзалтын үеэр ГССҮТ-ийн удирдлагын баг тус эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, хэрэгжүүлж буй удирдлагын менежментийн арга барилтай танилцаж, тус эмнэлгийн тусламж үйлчилгээний дотоод зохион байгуулалт, үйлчилгээний соёл, ЭМЯ-аас хэрэгжүүлж буй “Шилэн эмнэлэг”, “Цахим эмнэлэг” төслүүдийн хэрэгжилт, сүүлийн 3 жилийн хугацаанд тус эмнэлэг дээр хэрэгжүүлсэн оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэд технологи, үндэсний хэмжээний үйл ажиллагаатай тархины харвалт, зүрхний шигдээсийн эрчимт эмчилгээний хэсэг, ангиографийн лаборатори, зүрхний хэм судлалын лаборатори, сэргээн засах эмчилгээний тасаг, сувилахуйн албаны үйл ажиллагаа, зөвлөх поликлиникийн хэсгүүдээр орж үйл ажиллагаа, технологийн шинэчлэлтэй танилцлаа. 
УГТЭ 2016 оны ажил үйлсээрээ салбарын байгууллагуудаа манлайлж “Шилдэг эмнэлэг”, “Шилдэг технологи нэвтрүүлэгч эрүүл мэндийн байгууллага”-аар шалгарсан бол ГССҮТ нь иргэд үйлчлүүлэгчээ дээдэлсэн ээлтэй орчныг бүрдүүлэх үйл ажиллагааны шинэчлэлийг амжилттай эхлүүлсний зэрэгцээ, эмч эмнэлгийн мэргэжилтний хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа хамт олон билээ. 
Эрүүл мэндийн салбарын томоохон төлөөлөл болсон эмнэлгүүдийн харилцан бие биенээсээ суралцаж, тэргүүн туршлага солилцсон хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Үйлчлүүлэгчээ дээдэлсэн” тусламж үйлчилгээний чанар хүртээмж, уялдаа холбоог сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хамтын ажиллагаа боллоо.