НИЙГМИЙН БОЛОН БИЗНЕСИЙН САЛБАРТ АМЖИЛТАНД ХҮРСЭН ХУВЬ ХҮН, ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТУРШЛАГА СУДЛАН ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 2017 оныг өөрийн байгууллагын хэмжээнд “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ЖИЛ” болгон зарласан билээ. 
Байгууллагын соёлын жилийн хүрээнд “Үйлчлүүлэгч” төвтэй эмнэлгийн байгууллагын соёл, хөгжлийг шинэ түвшинд хүргэх, хамтаар хүлээн зөвшөөрөгдсөн, эрмэлзэх үнэт зүйл, итгэл үнэмшил, хэм хэмжээг бий болгон хөгжүүлэхэд нийт эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллийг бий болгож, үг хэл, үйл хөдлөлөөрөө баг, хамт олноо үлгэрлэн манлайлж, хамт олны дунд харилцан итгэлцлийн найрсаг уур амьсгалыг бий болгон ажиллахыг зорьж байна. 
Энэхүү зорилгын хүрээнд нийгмийн болон бизнесийн салбарт “Хувь хүний хөгжил, манлайлал”, “Байгууллагын соёл”-ын чиглэлээр амжилтанд хүрч олны танил болсон хувь хүн, бизнесийн салбарт амжилтанд хүрч байгууллагын соёлын брэндийг хөгжүүлж буй үндэсний хэмжээний томоохон хувийн хэвшлийн компани, аж ахуй нэгж, байгууллагууд, түүний удирдлагуудын туршлагаас суралцахаар “Байгууллагын хөгжил ба хувь хүний манлайлал, үүрэг” сэдвийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ зориулсан цуврал лекцийг зохион байгуулж байгаа юм. 
Энэхүү цуврал лекцийг “Эхлээд өөрийгөө дараа нь компаниа удирд” сэдвээр Монголын Бизнесийн Зөвлөлийн Гүйцэтгэх Захирал, “Өдөр бүр Дракертай хамт” номын орчуулагч Ч.Мэргэн, “Хувь хүний хөгжил” сэдвээр МУ-ийн Ерөнхийлөгчийн гадаад бодлогын орон тооны бус зөвлөх, МУ-ын ЗГ, АНУ-ын МСК-ийн хоорондын хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос, “Байгууллагын соёлд хувь хүний оролцоо, манлайлал” сэдвээр Хаан Банкны Бизнес Инкубатор Төвийн Зөвлөх Ч.Цэцэгмаа нар уншиж сонордуулаад байна. Цаашид энэхүү цуврал лекцүүд 2017 оныг дуустал үргэлжлэх юм.