УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ГАДНАХ ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ ДУУСЛАА

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн үүдний өмнөх хэсгийн 818 м.кв талбайн тохижилтын ажил дуусч, холбогдох албаныхан өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, БГД болон УГТЭ-ийн удирдлагууд, эмч ажилчид мөн эмчлүүлэгч, иргэд үйлчлүүлэгчдийн төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр УБ хотын дарга С.Батболд “Тус эмнэлгийн хамт олны санал санаачилгыг хүлээн авч энэхүү тохижилтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өгч байна. Бид 14 хоногийн өмнө энэ хэсгийн тохижилтын ажилтай танилцаад явсан. Өнөөдөр бэлэн болоод нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Шастины нэрэмжит улсын Улсын Гуравдугаар Төв эмнэлэг бол нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд ирж үйлчлүүлдэг үндэсний хэмжээний лавлагаа төв эмнэлэг юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард бид тус эмнэлгийн олон жил шат шатны байгууллагад асуудлаа тавьж шийдвэрлүүлж чадаагүй байсан авто машины зогсоолын асуудлыг бүрэн шийдвэрлэж, өнөөдөр тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн зогсоолтой холбоотой бухимдал, хүндрэл, чирэгдэл бүрэн арилсан байна. Өнөөдрийн энэ тохижилтын ажил Улаанбаатар хотын 2017 оны хаврын хот тохижилтын ажлын хамгийн эхнийх нь учраас бид ийнхүү ач холбогдол өгч 10 хоногийн хугацаанд үндэсний төв эмнэлгийн нүүр царайг илэрхийлэхүйц тохижилттой ногоон байгууламж, явган хүний зорчих хэсэг, гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчдийн амрах хэсэг бүхий иж бүрэн тохижилттой бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд байна. 
Бид 2017 онд эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн гаднах тохижилтод анхаарч ажиллана. Бидний дараагийн тохижуулах газар бол Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байх болно” гэв.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захиргаа, хамт олон тус эмнэлгээр үйлчлүүлж буй мянга, мянган эмчлүүлэгч, иргэд үйлчлүүлэгчдийн өмнөөс УБ хотын нийт удирдлагууд болон Нийслэлийн ЗАА-ны хамт олон, гүйцэтгэгч байгууллагын хамт олонд ажлын амжилт хүсч, гүн талархал илэрхийлж байна.